Монгол Улс Азийн супер сүлжээгээр дамжуулан эрчим хүч экспортлох боломжтой

Зургийн эх сурвалж: http://asg-mongolia.org/

Азийн эрчим хүчний супер сүлжээ байгуулах санаачилга Орос, Хятад, Монгол, Солонгос, Япон улсын төр, засгийн тэргүүнүүдийн түвшинд яригдаж байна.

Саяхан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Владивосток хотод болж өндөрлөсөн Дорнын эдийн засгийн IV чуулганд оролцох үеэрээ Зүүн хойд Азийн орнуудыг цахилгаан эрчим хүчээр хангах, оргил цагийн ачаалал хуваалцсан, нөөц ашиглалтын оновчтой шийдэл болох “Зүүн хойд Азийн эрчим хүчний супер сүлжээ” төслийн ажлыг хамтран, цаг алдалгүй, шуурхай эхлүүлэх уриалга гаргалаа.

Тэрбээр “Монгол Улс-Хятад улс хамтран эрчим хүчний цогцолбор болон үлэмж өндөр хүчдэлийн шугамын төсөл эхлүүлж байгааг мэдэгдэхэд таатай байна. Энэхүү цогцолбор нь нар, салхи, нүүрсний эх үүсвэрээс нийт таван мянга гурван зуун тавин (5350) МВт-ын суурилагдсан хүчин чадалтай станцуудаас бүрдэх юм. Монгол Улсаас Хятад улс руу 1500 км үлэмж өндөр хүчдэл бүхий  цахилгаан дамжуулах тогтмол гүйдлийн шугам татна. Цогцолборын судалгааны ажил, ТЭЗҮ бэлтгэгдэж дууссан бөгөөд удахгүй бүтээн байгуулалтын ажил эхлэх болно. Зүүн хойд Азийн супер сүлжээ нь бүс нутгийн улс орнуудын хамтын ажиллагаа, хөгжлийн шинэ боломжийг нээхийн зэрэгцээ бүс нутгийн бүх орнуудын итгэлцлийг бэхжүүлэх чухал хүчин зүйл болно” хэмээн үзэж буйгаа мэдэгдсэн билээ.

Харин БНХАУ-ын дарга Си Жиньпин уг санаачилгыг идэвхтэй урагшлуулахаа илэрхийлж, Хятад, Орос, Монгол улсуудад хамтын ажиллагаа хэрэгтэй байгааг онцолсон юм.Ийнхүү Азийн эрчим хүчний супер сүлжээ байгуулах санаачилга нэг алхам ахив.

Манай улс Азийн супер сүлжээ байгуулах санаачилгыг 2012 оноос дэмжиж, түүнээс хойш 1.3 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтыг нар, салхины шинэ эх үүсвэрүүд барьж байгуулахад зарцуулсан бөгөөд төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогоо ч тодорхойлсон юм. Ингэхдээ 2020 он гэхэд эрчим хүчний нийт үйлдвэрлэлд сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувийг 20, 2030 онд 30 хувьд хүргэж, 2023 оноос эхлэн эрчим хүч экспортлохоор “Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлого”-ын баримт бичигт тусгав.

Одоогоор манай улсын эрчим хүчний нэгдсэн сүлжээнд тус бүр 10 мВт бүхий нарны хоёр цахилгаан станц, тус бүр нь 50 мВт бүхий салхины хоёр цахилгаан станц ажиллаж, нийт 120 мВт-ын сэргээгдэх эрчим хүчийг нийлүүлж байна. Энэ нь нийт эрчим хүчний суурилагдсан хүчин чадлын 12 орчим хувьтай тэнцдэг юм.

Салбарынхны гаргасан судалгаагаар “Эрчим хүчний нэгдсэн сүлжээнд 250 мВт-ын сэргээгдэх эрчим хүч нийлүүлэх боломжтой” хэмээн үзэж буй. Хэрэв, Азийн супер сүлжээг байгуулж чадвал сэргээгдэх эрчим хүчний илүү гарсан нөөцөө Япон, Хятад, Солонгос, Орос зэрэг улс руу экспортлох боломж бүрдэнэ. Ингэснээр сэргээгдэх эрчим хүч Монгол Улсын эдийн засагт нүүрснээс дутахааргүй үр ашиг авчирна гэдгийг судлаачид хэлж байна.

Гэхдээ Монгол Улсад сэргээгдэх эрчим хүчийг ашиглахад “Нэгдүгээрт, сэргээгдэх эрчим хүч тогтвортой бус учраас системийн горим тохиргоо, эрчим хүчний найдвартай аюулгүй ажиллагаанд нөлөөлнө. Хоёрдугаарт, Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийн дагуу үнэ тариф нь харьцангуй өндөр. Тиймээс энэ хүндрэлийг арилгах, хууль эрхзүйн орчинг сайжруулах шаардлагатай” гэдгийг Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн хэлж байгаа юм.

Харин Монголын бизнесийн зөвлөлийн тэргүүн Б.Бямбасайхан судалгааны эхний үр дүнгүүд гарч эхэлснийг дурдаад “Монголд нар, салхины станцуудаа барьж байгуулаад Япон, Солонгос руу дамжуулж худалдахад аль аль талдаа илүү үр ашигтай гэсэн тооцоо гарч байна. Санхүү, эдийн засаг, байгаль орчны хувьд ч өгөөжтэй нь харагдсан. Нүүрс хүчлийн хийг хамгийн бага байлгах нь тодорхой болсон. Япон, Солонгост байгуулснаас Монголд барьсан нь илүү үр ашигтай нь харагдаж байгаа” гэв. Түүнчлэн “Хятад, Монгол, Орос, Япон, Солонгосын өнөөдрийн байгаа сүлжээнүүдийг хооронд нь холбож ажиллуулвал зардал нь багасч, тэр хэрээр хэрэглэгчид очих цахилгааны үнэ буурах тооцоо гарсан.  Харин бид Монголд нар, салхины нѳѳц сайн учир илүү хямд үйлдвэрлэх боломжтой. Цахилгаан эрчим хүч дамжуулах шинэ технологи ашиглан хол зайд алдагдал багатай тээвэрлэж Японд зарахад одоогийн өртгөөс нь илүү хямдаар зарж чадна” гэдгийг хэлж байна.

 

 

Нийтлэл бичсэн: Ц. Жаргалцэцэг

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл

129 СЭТГЭГДЭЛ БАЙНА.

Сэтгэглэд үлдээх :