УЛААНБААТАР ХОТЫН АГААРЫН БОХИРДОЛЫГ БУУРУУЛАХ АРГА ЗАМУУД

Улаанбаатар хотод маань 10 сараас 5 сар хүртэл халаалтаас үүдэлтэй агаарын бохирдол хүмүүсийн эрүүл мэнд, амь насанд хохирол учируулахуйц хүнд нөхцлийг үүсгэж байна. Хотын агаарын бохирдолын ~60% нь гэр хорооллын айл өрхүүдийн түлж байгаа нүүрс, мод, хуучин дугуй, хувцас, хуванцар зэргийг шууд шатааснаар бий болдог. Одоогийн нөхцөл, боломжидоо тохирох агаарын бохирдолыг бууруулах шийдэл нь технологи ашиглалт, оновчтой шийдврүүд, олон нийтийн оролцооноос бүрдэх юм. Технологийн үүднээс, агаарын бохирдолыг бууруулах ажлыг дараах гурван үе шатанд хэрэгжүүлэх саналыг дэвшүүлж байна.

  • Эхнийх нь дулаалга юм. Шал, хана, дээвэр, хаалга, тооныг полистр, полиуритан хөөс, эрдэслэг хөвөн, cellulose, дулаан дамжуулал багатай зузаан хана зэрэг дулаан тусгаарлах материалуудаар гэр, байшин, барилгаа дулаалах, өөрөөр хэлбэл ханын зузааныг нэмэгдүүлэх юм. Үүнээс гадна агаар сэлгэлт, хаалга нээх, хаах үед алдагдах дулааныг хамгийн бага байхаар тооцоолох шаардлагатай юм.
  • Хоёрдахь нь оновчтой халаагуурын төхөөрөмжүүд юм. Нүүрс, мод, байгалийн хий, газрын тосоор ажилладаг шатаах чадвар сайтай төвлөрсөн, төвлөрсөн биш, их, дунд, бага чадлын дэвшилтэд зуухнуудыг хэрэглэх юм. Мөн, дулаан хуримтлууртай цахилгаан халаагуур (ДХЦХ)-ыг ашиглах юм.
  • Гуравдахь нь сэргээгдэх эрчим хүчний идэвхитэй, идэвхгүй технологи ашиглалт юм. Нарны дулааны коллектор, газрын гүний энергээр ажилладаг дулааны насос, нарны цахилгаан үүсгүүр зэрэг технологи ашиглалт юм.

Бид Улаанбаатар хотын Ургах наран гэр хорооллын бүсэд, 2017 оны өвлийн туршид, дулаан хуримтлуулагч цахилгаан халаагууртай, сайтар дулаалсан монгол гэрийн эрчим хүчний зарцуулалт, температурын хэмжилтийг хийсэн. Мөн, энэхүү туршилтын гэрээ энгийн зуухтай, уламжлалт дулаалгатай гэртэй харьцуулсан туршсан.

Монгол гэрийн тооно, шал, хана, дээвэр, хаалга дулаалсан байдал, сайжируулсан дулаалгатай гэр болон ДХЦХ-ийг Зураг 1-д үзүүлэв.

Зураг 1: Сайжруулсан дулаалгатай гэр, дулаан хуримтлууртай цахилгаан халаагуурын зураг, гэрийн тооно, шал, хана, дээвэр, хаалга дулаалах явцыг харуулав.

Зураг 2 болон 3-д дээрх туршилтаас гарган авсан гол үр дүнгүүдийг харуулсан байна. ДХЦХ-тай, сайжируулсан дулаалгатай гэр болон энгийн дулаалгатай, нүүрс түлдэг зуухтай гэрийн дотор орчны агаарын температурыг гадна орчны температурын хэмжилттэй харьцуулсан графикийг Зураг 2-д харуулсан байна. Энэхүү графикаас харахад, ДХЦХ-тай гэрийн температур нүүрсээр ажилладаг зуухтай гэрийн дотор агаарын температуртай харьцуулахад маш тогтвортой байна. Дээрх тогтвортой байдал нь гэрийн тав тухтай байдлыг нэмэгдүүлэх, орчны температурын огцом өөрчлөлттэй холбоотой хүний эрүүл мэндэд сөрөг өөрчлөлт гарахгүй байх, гэрийн дулаан алдагдал буурах зэрэг эерэг үр дүнгүүдийг илтгэх үзүүлэлт болж байна.

Зураг 2: ДХЦХ-тай гэр, энгийн гэр болон гадны орчны агаарын температурын харьцуулсан хэмжилт.

Зураг 3-д нүүрс түлдэг энгийн зуухтай гэр болон ДХЦХ-тай гэрүүдийн дотор агаарыг халаахад хэрэглэсэн энергийн зарцуулалтыг харьцуулан харуулсан байна. Хөх өнгөөр ДХЦХ-тай гэрийн энергийн зарцуулалт, улбар шар өнгөөр нүүрс түлдэг гэрийн энергийн зарцуулалтыг тус тус илэрхийлсэн байна. 2018 оны 1 сарын 1-ээс 21-ны хоорондох эрчим хүчний зарцуулалт, нүүрсний зарцуулалтын энэхүү хэмжилтийн үр дүн нь ДХЦХ-тай, сайжируулсан дулаалгатай гэр нь   энгийн гэртэй харьцангуй 32%-иар бага энерги зарцуулсан байна. Энэхүү графикийн дээд талд нүүрснээс ялгарах энергийг тооцох аргачлалыг харуулав.

 

Зураг 3: ДХЦХ-тай сайжруулсан дулаалгатай гэр болон энгийн гэрийн эрчим хүчний зарцуулалтын харьцуулсан график.

Мөн, нүүрс түлдэг зуухтай энгийн гэрээс ялгарах агаар бохирдуулагч TSP, PM10, PM2.5, SOx, NOx элементүүдийн хэмжээ нь 584 кг/жил байдаг бол ДХЦХ-тай цахилгаан халаагууртай, сайжируулсан дулаалгатай гэрээс 52 кг/жил агаар бохирдуулагч элементүүд ялгарана гэсэн тооцооны үр дүнг гарч байна.

 

 

 

 

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл

279 СЭТГЭГДЭЛ БАЙНА.

Сэтгэглэд үлдээх :