Монгол брэнд Японы зах зээлд гарах боломж бүрдлээ

Хокайдо-Монголын харилцааны нийгэмлэг, Монголын залуу эрдэмтдийн холбоо хамтран “Хөгжлийн гарц, шинжлэх ухааны хэрэглээ” олон улсын эрдэм шинжилгээний бага хурал, “Монгол брэндүүд Хоккайдод” үзэсгэлэнг арваннэгдүгээр сарын 23, 24-ний өдрүүдэд Япон улсын Хоккайдо мужийн Саппоро хотод зохион байгууллаа.

Эрдэм шинжилгээний бага хуралд Хоккайдогийн Их Сургууль, Ракуна Их Сургууль, Монгол Улсын Их Сургууль, Өвөр Монголын Их Сургуулийн профессоруудыг “Зочин илтгэгч”-ээр урьж, шинжлэх ухаанд суурилсан бүтээгдэхүүн хөгжүүлэлтийг чухалчилав. Энэ үеэр суурь шинжлэх ухааны ач холбогдол, хэрэглээний шинжлэх ухааны хөгжилд үзүүлэх нөлөө, мэдлэгт суурилсан эдийн засаг, инновацийн тухай сонирхолтой илтгэлүүд хэлэлцүүлсэн юм.

Эдгээрээс “Хавдрын судалгаа: Хавдрын оношлогоо, эмчилгээнд цөмийн физикийн хэрэглээ”, “Хүрээлэн буй орчин, агаарын бохирдлын судалгаа: Агаарын бохирдлыг бууруулах судалгаа”, “Үндэсний брэнд бүтээгдэхүүн айрагны судалгаа: Айрагнаас ялгасан сүүн хүчлийн бактериуд тэдгээрийн нийлэгжүүлдэг биологийн идэвхт пептидийн судалгаа”-г дэмжиж цаашид шинжлэх ухааны байгууллагууд, төрийн дэмжлэгийг авах тал дээр эрчимтэй ажиллахаар боллоо.

Түүнчлэн “Монгол брэндүүд Хоккайдод” үзэсгэлэнгээр дамжуулан Япон улсын зах зээлд өөрийн улсын бүтээгдэхүүнийг нэвтрүүлэх, дотоодын брэндийг таниулах шинэ гарц, боломж бүрдлээ. Үзэсгэлэнд монголын баялаг бүтээгчид, байгууллагууд оролцож, бараа бүтээгдэхүүнээ танилцуулсан. Энэхүү үзэсгэлэнг цаашид уламжлал болгон зохион байгуулах юм.

Ийнхүү шинжлэх ухааны салбарынхан баялаг бүтээгчидтэй нэг дор чуулж, Японы шинжлэх ухаанд суурилсан бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн хэв шинжийг чухалчилсан нь “Монголын хөгжлийн гарцыг харах шинэ цонх нээлээ” хэмээн залуу эрдэмтэн, судлаачид үзэж байна.

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл

280 СЭТГЭГДЭЛ БАЙНА.

Сэтгэглэд үлдээх :